БОГ МАЛЫН КЕТОЗ ӨВЧНИЙ ТУХАЙ САНАЛ СОЛИЛЦОХУЙ
Category 1
2025-09-30
Хэд хэдэн аймгуудаас эмч нар маань утас цохив. Тэд тодорхойгүй шалтгаанаар мал хорогдож байгаа тухай дурдав. Хоол тэжээлдээ дургүй болох, хээл хаях, гөлийж зогсох гэх мэт хордлоготой төстэй шинж тэмдэг дурдав.
Миний бодлоор өвөл хаврын энэхүү өвчлөл, хорогдлын суурь шалтгаан кетоз байх бүрэн боломжтой.
Бог малын кетоз өвчин нь төдийлөн яригддаггүй, оношлогддоггүй, өвчний нэг боловч өвөл хавар мал сүргийн хорогдлын үндсэн суурь шалтгаан гэж миний бие үздэг. Гэвч энэ миний л бодол. Албан эх сурвалж биш гэдгийг дурдах нь зүйтэй.
Кетоз үүсэх хэд хэдэн шалтгаан байдаг ч монгол малд өвөл, хаврын улиралд үүсэж болох өлсөлтөөс шалтгаалах кетозын тухай саналаа солилцоё.
Кетоз нь эсийн түвшинд нүүрс ус дутагдсанаас үүсдэг эмгэг.
Өвлийн улиралд бэлчээрийн малд яагаад кетоз үүсэх боломжтой вэ?
Өвлийн улиралд бэлчээрлэх хугацаа богиносох, бэлчээрийн ургамлын идэмж буурах, гүйцэд цадахгүй байх нь бие өөхний нөөцөө дайчлах шалтгаан болно. Ялангуяа энэ өвлийн, бүр ойрын өдрүүдийн хувьд ихэнх нутгаар цас орж мал ихээхэн өл алдаж байна. Энэ нь бэлчээрээс өвс тэжээлээ авч чадахгүйд хүрч өл алдсаны улмаас гаднаас авах өвс, түүнд агуулагдах нүүрс ус агуулсан нэгдлүүдийн дутагдал бий болсноор өөхний нөөцөө эрчимтэй дайчилж энергийн хэрэгцээгээ хангах замаар амьд үлдэхийн төлөөх тэмцлийг бий болгоно. Энэ нь тураалаар төгсөж болно.
Энэ үед эсэд дутагдаж эхэлсэн нүүрс ус (глюкоз) –ны дутагдсаны улмаас энергийн хэрэгцээгээ хангахын тул өөх эрчимтэй задрана. Өөхний задралын үр дүнд чөлөөт өөхний хүчлүүд үүсэж дараа нь тэдгээрээс кетонт бие нийлэгждэг. Хэрэв биед нүүрс ус хангалттай бол глюкоз кетонт биеийн солилцоонд ашиглагдах тул кетонт биеийн агууламж нэмэгдэхгүй. Өөхний задрал нь булчингийн уургийн задралд нөлөөлдөггүй.
Харин нүүрс ус (глюкоз)-ны дутагдал үргэлжилснээс элгэнд уураг задарч үүсэх амин хүчлүүд нь глюкозын нийлэгжилтэд оролцож, үүссэн глюкоз кетонт биеийн нийлэгжилтэд ашиглагдана. Энэхүү уургийн нөөцийг булчингийн эдээс дайчилна. Ийнхүү мал өвс тэжээлийн дутагдлын үед (өлсгөлөн) өөхний зэрэгцээ булчингийн эдийн уургийн задрал явагддаг.
Түүнчлэн кальци, йод, магни, цайр, марганц, кобальт, кали зэрэг элементүүдийн дутагдлын улмаас кетоз үүсэж болох тухай эх сурвалжууд тэмдэглэсэн байна.
Кетонт бие ихэссэнээр биед кетоацидоз (биеийн дотоод орчин хүчиллэг тал руу хэлбийх) болох ба энэ нь биемахбодь дотоод хорлогод орох шалтгаан болно.
Кетонт биеийн нөлөөгөөр бамбай ба бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа хямрана. Яс сөнөрөх өвчин үүсэж хөгжинө. Зүрхний булчингийн сөнөрөл, элэг, бөөр зэрэг эрхнүүдэд сөнөрнө. Хээлийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлнө. Төлийн амьдрах чадвар, тэсвэрт чанар буурна.
Өвчилсөн мал номойрох, өвс тэжээлдээ дургүй буюу идэхгүй болох, баас хатах буюу чацга алдах, биеийн температур буурах, хивлэг алдагдах, гүзээний агшилт сулрах, амьсгаадах, зүрхний агшилтын хэм алдагдах зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана.
Эмгэг анатомийн хувьд зүрх, бөөр, элэг зэрэг эрхтэнд хатанхайрал, сөнөрөл ажиглагддаг гэжээ.
Эмчилгээ. Глюкоз ба гликогений дутагдлыг нөхөх, хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, элэг хамгаалах, хордлогоос сэргийлэх, дутагдаж буй витамин, эрдэс бодисыг нөхөхөд чиглэгдсэн эмчилгээг санал болгож байна.
-Глюкозын 10-20%-ийн уусмал хураагуур судсаар 0.25-0.5 гр/ кг тунгаар, эсвэл дотуур хуурай глюкоз болон нүүрс усаар баялаг нэгдлүүд олгох
-Хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээх, хордлого тайлах, сэргийлэх зорилгоор рингерийн уусмал болон бусад хордого тайлахад чиглэгдсэн эмчилгээ.
-Зүрх судас, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор кальци магнийн уусмал 1мл/5 кг тунгаар, бусад эмчилгээ
-Элэг хамгаалах, дотоод хордлогыг саармагжуулах, тэжээлийн дуршлыг нэмэгдүүлэх зорилгоор Хепа В12 бэлдмэлийг 1мл/10 кг тунгаар
-Тосонд болон усанд уусдаг витаминуудыг тарих эсвэл витамин, эрдсийн нэмэгдлийг уух усанд нь нэмэлт болгон олгох зэрэг байж болох юм.
Үүнтэй зэрэгцээд нэн тэргүүнд анхаарах зүйл бол гүзээний үйл ажиллагаа, хивлэгийг сэргээх зорилгоор ойрын бэлчээрт гаргах буюу сайн чанарын өвс олгох явдал маш чухал гэж бодогдоно. Харин биеийн байдал тогтворжих хүртэл хүчит тэжээл нэмэлтээр олгохоос түр татгалзах нь зүйтэй.
Дээрх эмчилгээ нь ерөнхий санал бөгөөд өөрсдийн боломж, эмийн олдоцод тулгуурлан эмчилгээгээ төлөвлөөрэй.