ХУРДАН МОРИНЫ ТЭЖЭЭЛЛЭГИЙН ЗАРИМ АСУУДАЛ
Category 1
2025-09-30
Монгол хэмээх их гүрнийг морьгүйгээр төсөөлөх ямар ч боломжгүй. Монголчууд чухамдаа монгол мориныхоо хүчээр дэлхийн талыг эзэгнэж, морин өртөө байгуулж тэр үедээ л хамгийн богино хугацаанд мэдээлэл солилцдог байв. Энэ бүхэнд эрэмгий хүчит баатрууд, эрхий мэргэн харваачид, хурдан шандаст хүлгүүд онцгой үүрэгтэй байсан нь мэдээж. Үүнээс улбаатайгаар эрийн гурван наадам үүсэн хөгжиж өнөөдрийг хүртэл төгөлдөржсөөр бидэнд өвлөгдөн иржээ. Үүний нэг нь морин уралдаан.
Шинжлэх ухааны хөгжил хүн төрөлхтөнд агуу ихийг бүтээсэн ч эх дэлхийн унаган төрхийг асар богино хугацаанд өөрчилж байгаль орчны тэнцвэрт байдлын асуудал дэлхий нийтийг хамарсан “толгойны өвчин” болоод байна. Энэ нь манай орны хувьд ганц хурдан морины уяа сойлгын асуудал биш бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх арга технологийг өөрчлөгдөн байгаа экологийн нөхцөлд зохицуулах шаардлагыг зүй ёсоор бий болгож байна. Өөрөөр хэлбэл экологийн асар их хурдацтай хувьсал түүнд дасан зохицох амьд бодгалийн биеийн дотоод орчинд явагдах биологийн өөрчлөлт хоёрын хооронд зөрчил үүсч байгаа юм. Үүнтэй холбоотой болон холбоогүйгээр хурдан моринд нэмэгдэл тэжээл, төрөл бүрийн тэжээлийн нэмэлтүүд хэрэглэх болов.
Нэмэгдэл тэжээл, тэжээлийн нэмэлтийн тухай ойлголт, ач холбогдол.
Хүн, амьтан, ургамал бүгд байгалийн бүтээгдэхүүн. Өөрөөр хэлбэл хөрс, ус, агаар, ургамлын найрлагад байх бүхий л элементүүдийн ихэнх нь бие махбодийн бүтэц, үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцдог. Амьд байгаль биесээ тэтгэн байж оршин тогтноно. Амьтан, ургамал хүрээлэн буй орчноо даган алгуур хувьсан өөрчлөгдөж дасан зохицож үр удмаа үлдээж чадсан нь цаашид амьдардаг. Энэ байгалийн хууль, хувьслын онол.
Амьтан байгалиас авах хэрэгцээт бүх зүйлсээ бүрэн авч чадахгүй бол үйл ажиллагаа нь доголдоно. Өөрөөр хэлбэл бодисын солилцоо нь хямарна. Энэ тохиолдолд тухайн амьтан биологийн нөөц чадамжаа бүрэн ашиглах боломж хязгаарлагдаж эхлэх ба даамжирвал эмгэг болон хувирна. Тэгэхлээр дутагдаж буй энэ хэрэгцээг нөхөхийн тулд, цаашилбал биологийн чадамжийг (уралдах гэх мэт) нэмэгдүүлэхийн тулд нэмэгдэл тэжээл ба тэжээлийн нэмэлтүүдийг малд олгоно.
Амьтны биеийг бүтээгч үндсэн материал нь уураг, нүүрс ус, өөх тос юм. Эдгээр нь биеийн бүтцийн үндсэн хэсэг болохын зэрэгцээ энергийн эх сурвалж болдог. Харин ус нь биемахбодийн дотоод орчин болох ба энэ орчинд биед явагдах бүх биохимийн урвалууд явагддаг. Энэ биохимийн урвалууд бүрэн төгс явагдахад даавар, фермент гэх мэт биологийн идэвхт бодисууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр бодисууд нийлэгжих, биохимийн урвалууд хэвийн явагдахад витаминууд болон үлэмж ба бичил элементүүд гэж нэрлэгдэх эрдэс бодисууд чухал үүрэгтэй.
Биед уураг, нүүрс ус, өөх тосны хэрэгцээ нэлээд хэмжээгээр шаардагддаг бол витаминууд ба эрдэс бодисын хэрэгцээ бага боловч зайлшгүй юм.
Нэмэгдэл тэжээлийн зонхилох хэсгийг эдгээр нэгдлүүд эзлэнэ. Гэвч эрдэс бодис ба витаминууд, уургийг бүтээгч нэгж үл орлогдох аминхүчлүүд нь нэмэгдэл тэжээлд болон бэлчээрийн ургамалд тэр бүр бүрэн хэмжээгээр байдаггүй. Үүнийг нөхөх зорилгоор хүн болон амьтны хүнс, тэжээлд өчүүхэн бага хэмжээгээр тэжээлийн нэмэлтийг нэмэх буюу тусад нь олгодог. Өөрөөр хэлбэл нэмэгдэл тэжээлдээ тэжээлийн нэмэлт хольж олгох нь тэжээлийг төгс чанартай болгосноор биед шаардагдах бүхий л бодисын хэрэгцээг хангана. Манай малчид аль ч улиралд хужир, давс гэх мэт зүйлийг малдаа өгдөг шүү дээ. Үүнийг тэжээлийн нэмэлт гэж ойлгож болно. Мөн шар сүүний ханд, адууны элэг гэх мэт зүйлийг бэлтгээд хаврын улиралд өчүүхэн бага хэмжээтэй муу малдаа өгдөг байсныг бид мэднэ. Эдгээр нь эрдэс, витамин, аминхүчлийн агууламж өндөртэй маш чухал тэжээлийн нэмэлтүүд юм.
Амьтны нэн тэргүүний шаардлага бол физиолгийн хэвийн үйл ажиллагаагаа хангахуйц төгс чанар бүхий хүрэлцээт шим тэжээлийн бодисыг гадаад орчноос тотмол авч чаддаг байх асуудал юм. Өөрийн физиологийн хэрэгцээнээс гадна нэмэлт ачаалал үүсэж байгаа үед бие махбодийн үйл ажиллагаа түүнд дасан зохицох, тэр хэрэгцээг хангахуйц нэмэгдэл шимт бодис, энергийн нөөц шаардлагатай болно. Морин уралдаан бол адууны өөрийн физиологийн хэрэгцээнээс гадна асар хол замыг богино хугацаанд туулах хүч, хурдны нөөцийг шаарддаг.
Өвлийн улиралд гадаад орчны температур эрс буурах ба бэлчээрийн ургамал шимт чанараа алдахын зэрэгцээ хүрэлцээ нь эрс багасна. Мал хүссэн хэмжээгээрээ ус ууж чадахгүйд хүрнэ. Энэ нь мал физиологийн хэвийн хэрэгцээг хангахын тулд өөрт хуримтлагдсан илүүдэл нөөцөө дайчилж эхлэх шалтгаан болно. Өвөл, хаврын улиралд мал турах нь үүний илэрхийлэл ба физиологийн хэвийн хэрэгцээгээ хангахуйц шимт бодисыг гаднаас авч чадахгүй, нөөц нь хомсдсоноор эмгэгт нэрвэгдэж эхэлж байгаагийн илэрхийлэл. Энэ хэрэгцээг нөхөхийн тулд нэмэгдэл тэжээл, тэжээлийн нэмэлтийг олгох нь зайлшгүй шаардлага юм. Нөгөө талаас улирлаас хамааралгүйгээр хурдан морь тарга хүчээ хэвийн хадгалж байж амжилт гаргана.
Зуны улиралд уяж байгаа моринд нэмэгдэл тэжээл олгох нь буруу зүйл биш. Богино хугацаанд хол замыг туулахын тулд хурдан моринд асар их хүч, энергийн нөөц шаардлагатай. Түүнийг зөвхөн бэлчээрийн ургамлаар хангахад бэрхшээлтэй.
Адууг тэжээхэд баримтлах зарчим. Адууны тэжээл боловсруулах эрхтэн бүх л өдрийн турш тэжээлийг олон дахин бага багаар идэхэд зохицсон байдаг. Адууны ходоод тэжээлийг боловсруулах боловч ихэнх нь гэдэсний бусад хэсэгтээ боловсроно. Нарийн гэдэсний хэсэгт нойр булчирхайгаас ялгарах ферментүүдийн нөлөөгөөр нүүрс, ус уураг, өөх тосны хэсгүүд задрана. Харин бүдүүн гэдэсний хэсэгт бүдүүн тэжээл (өвс гэх мэт)-ийн ихэнх хэсэг болох эслэг тэнд амьдрах бичил биетнүүдийн нөлөөгөөр задарна.
Эслэг нь бичил биетний нөлөөгөөр исэлдэн задарч цууны хүчил, пропионы хүчил зонхилох тосны дэгдэмхий хүчлүүдийг үүсгэх ба эдгээр нь бүдүүн гэдэсний ханаар шимэгдэн цусанд орж улмаар элгэнд очно. Цууны хүчил нь богино хугацаанд энерги үүсгэхэд эсвэл өөх тосны нийлэгшил явагдахад ашиглагдана. Пропионы хүчил энерги үүсэхэд болон глюкозын нийлэгшилд ашиглагдана. Иймээс адууг бэлчээрээр болон дан өвсөөр тэжээхэд энергийн хэрэгцээгээ хангах боломжтой юм. Эслэг нь адууны тэжээлийн чухал хэсэг бөгөөд эслэг багатай тэжээлээр тэжээвэл ходоод гэдэсний замын эмгэгийг үүсгэж болно. Ийм учраас адууны тэжээлийн бүрэлдэхүүний ихэнх хэсгийг өвс бүрдүүлнэ. Гэхдээ хурдны морины шаардлагат энерги ба бусад нөөцийг хангахад зөвхөн эслэгийн шингэц хангалтгүй. Иймээс илүү их энергийн нөөц бүхий нэмэгдэл тэжээлийг олгох нь зүйтэй.
Адуу болон аль ч малыг тэжээхэд баримтлах зарчим байна.
-Цагийн хуваарийг нарийн баримталдаг байх. Амьтныг тодорхой цагт тэжээж сургахад тэр үедээ тэжээл боловсруулах эрхтний шүүрэл тогтмол ялгардаг болно. Энэ нь тэжээл боловсрох, шингэхэд ихээхэн тустай. Өөрөөр хэлбэл өгсөн тэжээл чинь үр дүнтэй ашиглагдана гэсэн үг. Тэжээлийг тогтмол цагт өгөөгүйгээс үүссэн рефлекс алдагдаж тэжээлийн дуршил буурч тэжээл бүрэн боловсорч чадахгүйд хүрнэ.
-Өвс, солом нийт тэжээлийн 70-80 орчим хувь байхаар тооцох нь илүү зохимжтой. Соломыг өгч байгаа тохиолдолд 2см хүртэл хэрчиж олгоно. Өвс, соломонд бага зэргийн уураг агуулагдах ба ихэнх хувийг эслэг (нүүрс ус) эзэлнэ. Тэжээж байгаа адуунд өвсийг тогтмол олгохыг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Адууны ходоодны шүүрэл тогтмол ялгарч байдаг. Адууны ходоод хоосорсон үед ходоодны ходоодны шүүрэл ханын эсээ гэмтээснээс ходоодны шархлааг үүсгэж болно. Хэвлийн хөндийд нарийн гэдэс нилээд шахуу байрлах ба хоосорсон тохиолдолд мушгирах, ороолдох, чихэлдэх гэх мэт ноцтой хүндрэлүүд ч үүсэж болно. Өвсний 50% орчмыг шөнийн цагаар үлдсэнийг үдээс өмнө болон хойно хуваан өгөх нь тохиромжтой ажээ Харин овъёос, үр тариа бусад тэжээлийг өглөөгүүр тогтмол цагт, шаардлагатай бол 2 хувааж олгоно.
-Адууг тэжээснээс хойш тодорхой хугацаанд амрааж байж ажил хийлгэнэ. Тэжээл өгсөнөөс хойш эхний 3 цагт тэжээл боловсруулах замд тэжээлийн бага молекулт нэгдлүүд болон задарсан бүтээгдэхүүнүүд элгэнд орох үйл тасралтгүй явагдана. Үүнтэй зэрэгцэн нойр булчирхайн инсулин дааврын ялгаралт эрчимждэг. Инсулин нь цусанд орсон глюкозыг гликоген болгон нийлэгжүүлж элэг ба булчинд нөөцлөнө. Түүнчлэн өөхний исэлдэлтийг багасгаж илүүдэл өөх тос, уургийн нийлэгжилтэд (булчингийн хөгжилд) оролцоно.
Энэ үед булчинд ачаалал өгвөл (давхил) цусан дахь глюкозын агууламж эрс буурна. Түүнчлэн инсулины ялгаралт эрчимтэй үед бөөрний дээд булчирхайн адреналин, кортизол, бамбай булчирхайн тироксин дааврын ялгаралтыг дарангуйлах замаар энергийн дутагдалд оруулдаг. Энэ нь булчин маш амархан ядрах шалтгаан болох ба тархинд очих глюкозын хэмжээ буурснаас стресс үүснэ.
Мөн тэжээл өгсөний дараа цусны судаснаас их хэмжээний шингэн гэдэсний хөндийд орсноор тэжээл боловсролт хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Зарим судлаачдын мэдээлснээр хүчит тэжээл өгсөний дараах эхний цагт цусны нийт сийвэнгийн 24 хүртэлх хувь нь гэдсэнд ордог байна. Энэ үед эсэд ус дутагдахын зэрэгцээ хэвлийн хөндийн хөндий эзлэхүүн нэмэгдсэнээр өрцийг урагш шахаж амьсгал бүрэн авахад саад учруулдаг.
-Тэжээлийн адуунд ус хүрэлцээтэй байх шаардлагатай. Өдөрт боломжтой бол 2-оос доошгүй усалж байвал зохимжтой. Амьтны биеийн жингийн 55-70 орчим хувийг ус эзлэнэ. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний ус биед агуулагдаж байгаа тохиолдолд биохимийн урвалууд гүйцэд явагддаг гэсэн үг. Ус дутагдаж эхэлбэл амьтны бодисын солилцоо гажуудаж эхэлдэг. Нилээд судлаачид адуунд өгч байгаа тэжээлийн 1кг тутамд 2.5-3.5 л ус өгөхийг зөвлөсөн байдаг.
-Тэжээлийг солих шаардлагатай үед алгуур шилжинэ. Адууны тэжээл боловсруулалтад бүдүүн гэдэсний бичил биетнүүд маш чухал үүрэгтэй. Тэжээлээс хамаараад бичил биетний бүрэлдэхүүн өөрчлөгдөж байдаг. Нэг тэжээлээс нөгөө тэжээлд огцом шилжих үед тухайн тэжээлийг боловсруулах чадвар бүхий бичил биетнүүд хараахан бүрэлдэж чадаагүйгээс тэжээл боловсролт хямарч эмгэг үүсэх нөхцөл бүрддэг.
Овъёос хялбар шингэдэг нүүрс усаар баялаг. Мөн уураг, В бүлгийн витаминууд ихээр агуулагддаг тул уяачид өргөн хэрэглэдэг. Түүнчлэн уургийн хэрэгцээг хангахын тулд хивэг, багсармал, арвай, хөх тариа, улаан буудай, эрдэнэ шиш зэргийг нэмэгдэл тэжээл болгон олгож болно. Хивгэнд уураг, B бүлгийн витамин, фосфор зэрэг биед чухал хэрэгцээт олон нэгдлүүд агуулагдана.
Үр тариа, улаан буудай зэргийг няцалж өгөх нь тэжээлийн шингэцийг нэмэгдүүлнэ. Гэхдээ хэт нунтаглах нь буруу. Тэжээлийг хэт нунтагласнаас үүсэх жижиг тоосонцрууд тэжээл боловсруулах замд ороод бөөм үүсгэх боломжтой аж. Уяачдын нэрлэж хэвшсэнээр “хөвөө” үүсэх нэг шалтгаан үүнтэй холбоотой байх боломжтой. Мөн хэт нунтагласан тэжээл нь тоосонцор хэлбэрээр амьсгалын замд орж эмгэг үүсгэдэг.
Лууван, манжин, төмс зэрэг үндэс үртнүүд ихээхэн хэмжээний эслэг, витамин, эрдэс бодисуудыг агуулж байдаг. Эдгээрийг угааж цэвэрлээд, жижиглэж бутлан тэжээлд нь хольж болно. Төмсийг болгож хэрэглэхийг эрдэмтэд зөвлөсөн байдаг.
Адууны нарийн гэдсэнд тэжээлийн цардуул их хэмжээгээр боловсорч чаддаггүй. Адуу үр тариа юмуу цардуул ихтэй тэжээлийг хэт их идвэл нарийн гэдэсний цардуул шингээх чадвар хэтэрснээс бүдүүн гэдсэнд шилжинэ. Бүдүүн гэдсэнд цардуул ихээр орвол тэнд амьдрагч бичил биетнүүдийн бүрэлдэхүүн, тоо хэмжээнд сөргөөр нөлөөлнө. Ингэснээр чацга алдах, коликийн шинж тэмдгүүд илрэх, туурай үрэвсэх зэрэг эмгэгүүдийг үүсгэдэг. Иймээс бүдүүн гэдсэнд очих цардуул хэт ихсэхээс сэргийлэхийн тулд хүчит тэжээлийн хэмжээг биеийн жингийн 100 кг-д 1.25 кг-аас ихгүй байхаар тооцно.
Адуунд энергийн нөөцийг хангах өөр нэг эх үүсвэр бол өөх тос юм. Худалдааны зориулалтаар гарч буй ихэнх тэжээлүүдэд агуулагдах өөх тосны агууламж 4-8 хувь хүртэл байдаг. Зарим судлаачид тэжээлд бага зэрэг ургамлын тосыг, ялангуяа их ачааллын өмнө нэмж болох тухай зөвлөсөн нь бий.
Хурдны адуунд бэлтгэл, дасгалжилт, уралдааны үед хөлсөөр их хэмжээний электролит алдагдана. Адууны хөлсөөр натри, кали, хлор багагүй ялгардаг тул хөлс ихээр гардаг дасгал нь дээрх эрдэс бодисуудын хоногт шаардагдах хэмжээнд нөлөөлнө. Электролит нь биед хадгалагдах боломжгүй тул хэрэгцээг тухай бүрд нь хангах ёстой. Хөлсний хамгийн их алдагдал нь холын зайд уралдаж байгаа тэсвэр хатуужилтай адуунд илэрдэг. Хэт халуунд дасгал гүйцэтгэвэл электролитийн алдагдал нэмэгдэнэ. Кальци ба фосфор нь дасгал гүйцэтгэдэг адуунд маш чухал.
Кальци, фосфор нь ясны бүтцийн үндсэн хэсэг болохоос гадна биед өөр олон чухал үүрэгтэй. Кальци, натри, калийн ионууд нь эсийн оосмос даралт, дотоод орчны тогтвортой байдлыг хангахад чухал үүрэгтэй. Эдгээр ионууд тогтвортой байсан нөхцөлд эсийн ус ба бусад бодисууд эсэд зохист хэмжээгээр хадгалагдан эс дэх химийн урвалууд хэвийн явагдах нөхцөл нь бүрддэг.
Цусан дахь кальцийн ионы дутагдал нь мэдрэлийн ширхэгээс булчинд сэрэл дамжих үйлд саад учруулна. Өөрөөр хэлбэл мэдрэлийн ширхэгээс булчинд сэрэл дамжихад кальцийн ионы оролцоотой булчин агшдаг. Энэ зохицуулга хямрахад уралдааны үед морины хөлийн гишгэдэл алдагдсанаас хөл, үе мөчний бэртэл, гэмтэл үүсэх үндсэн шалтгаануудын нэг болох магадлалтай.
Фосфор нь булчин агшихад ашиглагддагэнергийн эх сурвалж болох АТФ (аденезинтрифосфат)-ын бүрэлдэхүүн хэсэг юм.
Дасгал, сургуулилалт нь Е болон В витамины хэрэгцээг нэмэгдүүлнэ. В витамины ихэнх төрөл нь бүдүүн гэдэсний бичил биетний нөлөөгөөр нийлэгшдэг бөгөөд тэжээлийн жор дахь хэрэгцээний 50 %-ийг хангах ёстой гэж үздэг.
В бүлгийн витамин нь адууны биед энерги үүсэх процесст чухал нөлөөтэй ферментүүдийн үүсэлтэд оролцож биемахбодийн бодисын солилцоонд чухал үүрэг гүцэтгэнэ. Энерги зарцуулалт ихсэх хирээр эдгээр витамины хэрэгцээ нэмэгдэж байдаг. Фолийн хүчил В бүлгийн витаминд хамаарагдах ба В12-той хамт цусны улаан эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэх, амин хүчил, нуклеин хүчлийн нийлэгжилт болон холины солилцоонд оролцоно. Улаан эс нь биед хүчилтөрөгчийг зөөвөрлөх үндсэн үүрэгтэй. Хүчилтөрөгч нь цусны улаан эсэд байх гемоглобин хэмээх төмөр агуулсан өвөрмөц уурагтай нэгдэн эсэд зөөвөрлөгдөнө.
Мөн араг ясны ба зүрхний булчинд өвөрмөц хэлбэрийн гемоглобин байна. Үүнийг миоглобин гэх бөгөөд булчин агших үед цусны хялгасан судсууд дарагдан хүчилтөрөгчийн хангамж түр муудах үед булчинг хүчилтөрөгчөөр хангах үүргийг гүйцэтгэдэг.
Е витамин болон селен дутагдахад унаганд булчин цайх өвчин илэрнэ. Өөр нэг үүрэг бол Е витамин нь эдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг багасгах, өөхний солилцоог тохируулах, эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, цусны бүлэгнэлт, хялгасан судасны бэхжилтэнд эерэг нөлөө үзүүлэх зэрэг амьдралын чухал эрхтэний үйл ажиллагааны зохицуулганд оролцдог өргөн хүрээний үйлдэлтэй. Витамин Е нь эсийн мембраныг хүчилтөрөгчийн чөлөөт язгуураас хамгаалдаг байгалийн антиоксидант юм. Түүнчэн зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Мөн бие махбодид витамин А, төмрийн нөөцийг зохицуулахад нөлөөлдөг. Е витамины тохиромжтой доод хэмжээ нь тухайн адууны физиологийн байдлаас хамааран биеийн жингийн 1 кг тутамд 1-2 ОУН байна.
Эдгээр хүчин зүйлүүдийг зөв тооцож нэмэгдэл тэжээлдээ тэжээлийн нэмэлтийг зохих зааврын дагуу хольж өгдөг байх нь тэжээлийг төгс чанартай болгож биед дутагдаж болох үл орлогдох амин хүчил, витамин, үлэмж, бичил элементийн хэрэгцээг хангаж өгнө. Малын эмийн сангуудаар гадаадаас импортоор ирсэн болон дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээсэн тэжээлийн нэмэлтүүд болон амин дэм, бага молекулт уураг ба АТФ агуулсан бэлдэмлүүд нилээд худалдаалагддаг болсон. Түүнээс зөв сонгон авч, зохистой хэрэглэх нь зүйтэй.
Уралдааны үед ашиглагдах энергийн эх үүсвэр, түүнийг нөхөх. Адууны тэжээлийн хэрэгцээ нь гүйцэтгэж байгаа ажлын төрөл болон хэмжээнээс хамааран харилцан адилгүй байна. Хурдны адуунд ачаалал нэмэгдэх хирээр шаардагдах энергийн хэмжээ нэмэгдэнэ.
Хурдан морины уралдаан гэдэг физиологийн талаас нь авч үзвэл тодорхой ачааг (өөрийн биеийг унаач хүүхдийн хамт) булчингийн ажлын үр дүнд адил зайд хэрхэн богино хугацаанд зөөвөрлөх вэ гэсэн ойлголт. Энэ нь булчингийн хөгжил ба булчин ажиллах үеийн энергийн нөөц, хүчилтөрөгчийн хангамжаас хамаарна.
Амьтны хөдөлгөөн нь мэдрэлийн тогтолцоо буюу тархи, нугас, түүний удирдлагын доор харилцан хамааралтай ажилладаг олон дааврууд, биологийн идэвхт бодисуудын үйлдлийн үр дүнд үүсэх биеийн бүх булчингуудын эмх цэгцтэй агшилт, суналтын үр дүн юм.
Булчин агших нь энерги шаардана. Энэ энергийг зөвхөн хоол тэжээл дэх нүүрс ус, өөх тос, уургаас авдаг. Гэхдээ тэжээлд агуулагдах эдгээр энерги биед ормогц шууд ашиглагддаггүй. Гаднаас орсон тэжээл амны хөндийгөөс шулуун гэдэс хүртэлх тэжээл боловсруулах эрхтний янз бүрийн хэсгүүдэд боловсрогдон задарч элгэнд очно. Элгэнд дахин боловсруулалтад орж зарим хэсэг нь биеийн эд, эс болон даавар, фермент гэх мэт биологийн идэвхт бодисуудын бүтцийн хэсгүүд болохын зэрэгцээ зарим нь энергийн нөөц болон хадгалагдана. Элэг ба булчинд гликоген, булчин ба биеийн тодорхой хэсгүүдэд өөх хэлбэрээр энерги хадгалагдана. Уураг нь биеийн бүтцийн үндсэн хэсэг болохын зэрэгцээ энергийн нэг эх сурвалж юм. Гэхдээ уургийн нэгдлүүд нилээд хожуу үед энерги болон ашиглагдах ба энэ нь биедэх бодисын солилцоо гүнзгий хямралд орж эхэлж байгаагийн илэрхийлэл болдог.
Булчин агшихдаа АТФ (аденезинтрифосфат) хэмээх онцгой нэгдлийг задрахад чөлөөлөгдсөн энергийг ашигладаг. АТФ нь АДФ (аденезиндифосфат) ба фосфорын хүчил болон задардаг ба үүний үр дүнд энерги чөлөөлөгддөг.
Булчингийн агшилт цааш хэвийн үргэлжлэхий тулд АДФ дахин АТФ болон нийлэгжих шаардлагатай бөгөөд энэ үйл нь биед нөөц хэлбэрээр хадгалагдаж байгаа гликогений задралын үр дүнд үүсэх энергийг нэн тэргүүнд ашиглана. Үүнтэй зэрэгцэн гликоген задарч глюкозыг үүсгэнэ. АТФ-ийн задралын үр дүнд үүссэн фосфорын хүчил глюкозыг фосфоржуулах ба гексазофосфат хэмээх нэгдлийг үүсэхэд ашиглагдана. Энэ мэт фосфор агуулсан их энергит хэд хэдэн нэгдлүүдийн дараалсан задрал ба дахин нийлэгжилтийн гинжин урвалын үр дүнд булчин агших ба эцсийн шатанд сүүний хүчил үүснэ. Эдгээр урвал нь хүчилтөрөгч ашиглахгүйгээр явагддаг.
Ийнхүү хүчилтөрөгчгүй орчинд явагдсан гинжин урвалуудын үр дүнд үүссэн сүүний хүчил хэмээх нэгдэл булчинд хуримтлагдаж эхлэх ба энэ нь хүчилтөрөгчтэй исэлдэж ус ба нүүрсхүчлийн хий болтлоо задрана. Үүссэн сүүний хүчлийн зарим хэсэг нь задрах ба үүний үр дүнд үүссэн энерги үлдсэн сүүний хүчлээ глюкоз, цааш нь гликоген болгон хувиргахад зарцуулагдана. Хүчилтөрөгч дутагдсан үед энэ үйл алдагдсанаар булчинд их хэмжээний сүүний хүчил хуримтлагдана. Энэ нь булчин цуцах, улмаар хөндүүр үүсэх шалтгаан болно. Байнгын бэлтгэлгүй хүн ямар нэг зайд гүйх, идэвхтэй хөдөлгөөн, биеийн хүчний ажил хийсний дараа булчин хөшиж хөндүүрлэдэг. Энэ нь булчинд сүүний хүчил хуримтлагдсаны сонгодог жишээ юм.
Тогтмол хурдтай уралдаж байгаа адууны энергийн нөөцийг “сэлбэхэд” шаардагдах гликогений задрал алгуур явагдана. Энэ үед үүссэн сүүний хүчлийг задлах, дахин нийлэгжүүлэхэд шаардагдах хүчилтөрөгчийн хүрэлцээ ч боломжтой байдаг. Алдарт, манлай нар морийг сэтгэлийг нь тогтоож уралдуул гэдгийн мөн чанар чухамдаа үүнд оршино.
Байнгын бэлтгэл буюу идэвхтэй хөдөлгөөн нь булчинг хөгжүүлнэ. Энэ үед булчингийн ширхэгийн тоо олширдоггүй боловч хэмжээ нь томордог тул хүч нь нэмэгддэг. Булчингийн ширхэг хэдий чинээ бүдүүн байх тутам түүний хүч нь төдий чинээ их байна. Энэ чадварыг нэмэгдүүлэхийн тулд булчингийн ачааллыг зохистойгоор нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл морио тэжээж байгаа үедээ огцом хэт ачаалал өгөхгүйгээр тогтмол ачаалал өгөх нь идсэн тэжээл өөхөн тарга биш махан тарга буюу булчин хөгжих, нөгөө талаас амьсгаа задрах, ингэснээр ачааллын үед хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх урьдчилсан нөхцөл нь болж байдаг. Тар нь ачааллын үед уушгины агааржилтыг сайжруулах үндсэн дасгал юм. Түүнчлэн тар хийснээр булчинд миоглобин хэмээх өвөрмөц уургийн нийлэгжилтийг идэвхжүүлнэ.
Амьсгаа их үед уушгинд орсон агаар тогтвортой байж чадахгүйгээс хүчилтөрөгч цусанд шилжиж амждаггүй.
Өгсүүр зам туулах, богино зайд огцом хурд нэмэх (тар) зэрэг нь асар их энергийг шаардана. Өөрөөр хэлбэл АТФ болон гликогений хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Энэ үед шаардагдах хүчилтөрөгчийг авах боломж хязгаарлагддагаас сүүний хүчлийн хуримтлал эрс нэмэгдэж булчин цуцаж хурд саарч эхлэнэ. Мөн хүчилтөрөгч дутагдах хирээр цусанд нүүрсхүчлийн хийн агууламж нэмэгдэж байдаг. Нүүрсхүчлийн хий цусанд нэмэгдэх хирээр амьсгалын давтамж олширно. Эдгээр болон дээр дурдсан бусад эрдэс бодисын дутагдлын улмаас хурдан моринд хөлний гэмтэл, багтрах болон бусад эмгэгүүд үүсэх шалтгаан болно.
Эдгээр нөхцөл байдлыг урьдчилан харж хурдан мориныхоо уралдааны замын хурдны хуваарилалтыг зөв тооцох нь амжилтад нөлөөлнө.
Хурдан морины уралдааны дараах үе. Хурдан морины биемахбодийн дотоод орчинд уралдааны дараа маш эмзэг нөхцөл байдлууд үүснэ. Уралдсан буянт хүлгээ энэхүү эмзэг байдлаас богино хугацаанд гаргах нь уяач бүрийн нэн тэргүүнд анхаарвал зохих, дараагийн уралдааны амжилтыг шийдвэрлэх чухал асуудал юм.
Уралдааны дараа хурдан морины булчинд сүүний хүчлийн хуримтлал эрс нэмэгдэнэ. Үүний улмаас булчин хөшиж чангаран хөндүүр үүсгэнэ. Сүүний хүчил нь хүчилтөрөгчийн оролцоотой задарч, үүссэн энергээр зарим хэсэг нь буцаж глюкоз болон нийлэгждэг тухай бид өмнө дурдсан. Сүүний хүчлийг богино хугацаанд задрах нь хурдан морины сэргэлтэд чухал нөлөөтэй. Энэ асуудлыг шийдэхэд цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Үүний тулд цусны эргэлтийг сайжруулах, цусан хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай болдог.
Гэтэл уралдааны үед асар их хөлс, түүнтэй хамт электролитууд алдагдсан байдаг. Энэ нь цусыг өтгөрүүлж, эсийг ус ба электролитын дутагдалд оруулдаг. Үүний нөлөөгөөр эсийн дотоод орчин өөрчлөгдөж тэнд явагдах биохимийн урвалууд төгс явагдаж чадахгүйд хүрнэ. Ингэснээр биед дутуу задралын бүтээгдэхүүний хуримтлал бий болж биемахбодь хордлогын байдалд орно. Мөн энергийн нөөц шавхагдана. Биед хэрэгцээт амин хүчлийн дутагдлууд бий болж даавар, фермент бусад биологийн идэвхт бодисын нийлэгжилтэд сөрөг нөлөөлнө. Эдгээр нөхцөл байдал нь мэдрэлийн тогтолцоонд дарамт үүсгэнэ. Өөрөөр хэлбэл стресс үүсэх дотоод шалтгаан болно.
Энэ бүхнээс дараах шаардлагууд урган гардаг. Үүнд:
-Биед дутагдаж байгаа ус ба электролитуудын алдагдлыг нэн даруй нөхөх. Энэ зорилгоор уяачид шингэн юүлдэг. Гол төлөв натрихлорын 09%-ийн уусмалыг хийх нь ажиглагддаг. Энэ тийм ч зөв шийдэл биш. Учир нь үүгээр электролитуудын алдагдлыг нөхөхгүй, зөвхөн усны алдагдлыг нөхнө. Өөрөөр хэлбэл шингэн дутагдана гэдэг ойлголт нь ус ба электролитууд нэгэн зэрэг дутагдана гэсэн үг юм. Биеэс алдагдаж буй шингэнтэй тэнцүү харьцаагаар электролитууд хамт алдагдаж байдаг. Тиймээс уух усанд нь электролитууд агуулсан декстролит, декстроз гэх мэт эрдэс бодис, электролитуудыг нэмж өгөх нь онцгой чухал. Эдгээр нь ач холбогдлын хувьд Рингерийн уусмал юүлэхтэй адил юм. Учир нь эдгээр бүтээгдэхүүний найрлага дахь бодиисуудыг ариутгасан уусмал хэлбэрт оруулан Рингерийн уусмалыг бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл Рингерийн уусмал судсанд хийх, декстролитийг усанд нь найруулан олгох хоёр ач холбогдлын хувьд эн тэнцүү болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай.
-Цусны эргэлтийг сайжруулах, захын судсыг өргөсгөх замаар булчинд очих цусан хангамжийг нэмэгдүүлэх. Захын цусны эргэлтийг сайжруулах үйлдэл бүхий гелүүдийг түрхэж болно. Эдгээр нь захын цусны судсыг өргөсгөх замаар цусан хангамжийг сайжруулж булчинд ирэх цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Мөн усан эмчилгээ, иллэг гэх мэтийг ашиглах боломжтой. Хамгийн чухал зүйлийн нэг бол зөөлөн хөдөлгөөн. Зүрхний агшилтын үр дүнд үүссэн даралтын нөлөөгөөр булчин ба захын эрхтнүүдэд цус хүргэгддэг боловч буцаж зүрхэнд очиход булчингийн хөдөлгөөн, агшилт маш чухал үүрэгтэй байдаг. Түүнээс гадна хөдөлгөөний үр дүнд биеийн халуун нэмэгдэж захын цусны судсууд өргөсөж цусан хангамжийг нэмэгдүүдэг.
-Биед дутагдсан аминхүчил, витамин бусад эрдэс бодисын алдагдлыг богино хугацаанд нөхөх. Энэ зорилгоор төрөл бүрийн аминхүчлүүд агуулсан уургийн бэлдмэлүүд, витамины бэлдмэлүүдийг зохих зааврын дагуу хэрэглэх боломжтой. Эдгээрийг олгосноор биед дутагдаж байсан хэрэгцээ нөхөгдөж, биологийн идэвхт нэгдлүүдийн үйл ажиллагаа идэвхжсэнээр биед үүссэн завсрын бүтээгдхүүнүүд биеэс зайлуулагдаж, бодисын солилцоо хэвийн байдалд орж эхлэнэ.
Үүнээс гадна зохистой тэжээллэг, маллагааны асуудал байх нь мэдээж.
Төгсгөл. Миний бие уяач, бас адуу судлаач биш жирийн нэгэн малын эмч билээ. Тиймээс алдаж эндсэн зүйл байваас өршөөн соёрхоно уу.
Монгол түмэн адуу эдлэх соёл, хурдан морины уяа сойлгын асар их өвийг уламжлан авч баяжуулан хөгжүүлж байна. Хурдан морийг таньж, уяа сойлгыг тааруулна гэдэг маш нарийн мэргэжил. Үүнд миний бие “хошуу дүрэх” нь илүүц байж болох. Гэвч тэрхүү нөр их хөдөлмөрийнхөө мөн чанарыг ойлгоход өчүүхэн тус болж магад хэмээн үүнийг бичиглэв.
ХААИС-ийн профессор багш,
Чандмань-Идэр ХХК-ийн захирал С.Ганбат