ХЭЭЛИЙН ХӨГЖЛИЙН ЭМЗЭГ ҮЕ, ХЭЭЛ ХАМГААЛАХ АСУУДАЛД

Category 1

2025-09-30

Малын, ялангуяа бог малын хээлийн хөгжлийн эмзэг үе тохиож буй энэ цаг хугацааны арчилгаа, маллагаа болон эмийн зохистой хэрэглээний  зөв дэглэм нь эрүүл чийрэг төл хүлээн авах үндэс болно. Үүнтэй холбоотойгоор ерөнхий  ойлголт, мэдээллийг  хүргэх нь мэргэжлийн хүний хувьд үүрэг хэмээн үзэв.

            Малын хээлийн хөгжлийг ерөнхийд нь  үр хөврөлийн (эвсэл эсийн ба  хөврөлийн хөгжлийн үе гэж дотроо 2 үед хуваана) ба хээлийн хөгжлийн үе хэмээн ангилан үзэж болох ба тухай бүрд тохирсон арчилгаа маллагаа, тэжээллэгийн зохистой дэглэм баримтлахыг зөвлөдөг.

            Үр хөврөлийн хөгжлийн үед дараах эмзэг үеүүд тохиолддог гэж эрдэмтэд тодорхойлжээ. 

            Анхны эмзэг үе үр тогтсон эвсэл эс савны эвэрт орсоны дараа буюу савны эвэрт бэхлэгдэж эхлэх үед тохиолдоно. Энэ нь цаг хугацааны хувьд ойролцоогоор хээл авсанаас хойших эхний  21 хоногтой тохирно. Энэ үед савны эвэрт орж ирсэн эвсэл эс савны ханын салст бүрхүүлд бэхлэгдэж эхэлснээр шим тэжээлийн бодисоо эхийн биеэс авч эхэлнэ. Нөгөөтэйгүүр энэ үеэс эрхтний эд эрхтний үүсвэр эсүүд ялгаваржин хөгжих нэн эгзэгтэй үе юм. Энэ үед эхийн биед нөлөөлсөн өчүүхэн төдий тааламжгүй хүчин зүйл хөврөлийн хөгжлийн хөгжлийн хэвийн явцыг гэмтээн эвсэл эс  савны ханын салст бүрхүүлд бэхлэгдэж чадахгүй болж   хөгжил нь тасалдаж үр хөврөл цуцрана. Хөгжлийн удаах эмзэг үе эх, үр хөврөл хоёрын хооронд эхэс бүрэлдэн тогтох хугацаанд тохионо. Энэ үед хамгийн гол эрхтнүүд болох төв мэдрэлийн тогтолцоо, хараа, зүрх, дотор эрхтэн, хөл үүсэж хөгжинө. Энэ үед эхийн биед ямар нэг тааламжгүй хүчин зүйл үйлчилбэл  хөврөлийн хөгжилд шууд нөлөөлнө. Доктор Д.Дагдаа судалгаагааны дүнд  үр тогтсоноос  хойших  5-8 долоо хоногт хээл авсан нийт үнээний 28% -д үр хөврөлийн цуцрал тохиолддог хэмээн дүгнэжээ. 

            Үр хөврөлийн хөгжлийн үе нь  хээл тээх хугацааны 1/3   буюу бог малд эхний 50 хоног   орчимтой тохирно.

            Энэ үед дараах асуудлуудад анхаарвал зохистой.

1. Малыг үргээж цочоох, шахцалдуулах, хэт хол тууварлах,  тээвэрлэх зэрэг үед эхийн бөөрний дээд булчирхайгаас их хэмжээний адреналийн ялгарч түүний нөлөөгөөр савны цусны судаснууд агшиж нарийссанаас эхсийн цусан хангамж буурч хөврөл хүчилтөрөгчийн болон шим тэжээлийн бодисын дутагдалд орж хөврөлийн хөгжил тасалдана.

2. Хээлтэй малын тэжээлд уураг, витамин, кальци, фосфор, йод, кобальт  зэрэг элементүүд дутагдах, хүчит тэжээлээр хэтрүүлж тэжээх, муудсан тэжээл, өглөө өлөн хүйтэн усаар услах зэрэг нь үр хөврөл цуцрах нэг шалтгаан болно.

3. Энэ үед  хээлтэй малыг туулгах, ивермектиний боловсруулалт хийх, вакцинжуулалт зэрэг сүргийн хэмжээнд хийгдэх мал эмнэлгийн арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн хүчтэй хортой үйлдэл бүхий эмийн бодис, дааврын болон антибиотикийн эмчилгээ зэрэг нь  хээлийн хөгжлийг тасалдуулах буюу удамшлын мэдээллийг өөрчлөх замаар гажиг хээл хөгжих шалтгаан болох тул эдгээр арга хэмжээг бусад цаг хугацаанд хэрэгжүүлбэл зохино.

Манай орны хувьд малын хээлтэй байх үе цаг агаарын туйлын тааламжгүй үетэй давхацдаг. Энэ үед малд өөрийнх нь физиологийн  хэрэгцээ болон  өдөр тутам өсөн хөгжиж буй хээлийн хэвийн хэвийн хөгжлийг хангахуйц шим тэжээлийн бодисыг хүрэлцээтэй олгох, энергийн алдагдлыг багасгахад чиглэгдсэн дулаан хашаа байр, ус, тэжээллэгийн зохистой арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.

Түүнээс гадна мал турж, өөхөн эдийн задрал    эрчимтэй явагддагаас кетонт бие, эсийг гэмтээгч хүчин зүйл болох чөлөөт радикалууд хэмээх нэгдлүүд эхийн биед үүснэ.

Үр хөврөлийн хэвийн хөгжлийг дэмжих болон чөлөөт радикалуудыг саармагжуулагч  антиоксидант үйлдэл бүхий эмийн бодисууд болох  АДЕ ба бусад витаминууд,  Е селен, АТФ зэрэг бэлдмэлүүдийг зохистой тунгаар тодорхой давтамжтай олгох нь чухал ач холбогдолтой.

 

 

 

             

 

Chandmani Ider